Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Нагаржуна багш, хулгайч хоёр
2017 оны 9 сарын 7 [Уншсан тоо: 21266]

Нагажуна бол Будда, Махавир, Кришнатай эн зэрэгцэх Энэтхэгт тодорсон их багш нарын нэг. Тэрээр нэгэн ханлиг улсын нийслэлд бядан явжээ. Тэр улсын эх хатан Нагаржунагийн шүтэн бишрэгч байв. Ордны үүдэнд бадар барихаар ирсэн түүнд нэг модон аягаас өөр өмч үгүйг харсан хатан:
  
- Надад модон аягаа өгөөч. Дурсгал болгон нандигнаж явъя. Оронд нь танд өөр аяга өгч болох уу гэхэд Нагаржуна зөвшөөрчээ.  
   
Шинэ аяга нь асар үнэт эрдэнийн чулуу шигтгэсэн алтан аяга байв. Нагаржуна юу ч дуугарсангүй. Ердийн ёсоор бол гэрээс гарсан хувраг “Би алт эрдэнэст гар хүрэхгүй” гэж хэлэх байсан. Гэтэл Нагаржуна зүгээр л тосон авчээ. Алт ч гэсэн шороо төдий болохоор ялгаа хийхийн хэрэг юун? Түүний гүн билгийг хатан хүртэл ухаарч чадахгүй эргэлзэв. “Их гэгээнтэн мөртлөө яагаад үгүй гэж хэлэхгүй байна? Хорвоогийн өмч бүхнийг орхисон хүн биш бил үү?” гэж бодолхийлжээ. Нагаржунаг татгалзсан бол хатан мэдээж гуйж шалах байсан. Тэгэх нь түүнд илүү тааламж төрүүлэх байжээ.
   
Нагаржуна мөнөөх аягыг аваад замаа хөөв. Хотын гудмаар алхаж явахад нь нэг хулгайч түүнийг олж харлаа. “Дорой бадарчин ийм үнэт эдийг яаж хадгалж хамгаалах вэ? Хэн нэг нь түүнээс хулгайлах юм уу, дээрэмдэх нь лавтай” гэж боджээ. Тэгээд мань хулгайч Нагаржунаг дагав.
   
Нагаржуна хотын гадна балгас болсон хуучин сүмд ганцаараа суудаг байж. Сүмдээ орохдоо өөрийг нь дагаж яваа хүний алхааг сонсчээ. “Энэ балгас руу намайг дагаж ирэх хэн ч үгүй. Надад биш, аяганд л болж ирээ биз” гэж бодсон тул эргэж харсан ч үгүй.
  
Түүнийг орсон хойно хулгайч оромжийн туурга налан зогсов. Гадаа хүлээж зогсоог нь мэдсэн Нагаржуна аягаа үүдээр чулуудчихав. “Ийм үнэтэй цайтай эдийг чулуудаад ямар жигтэй хүн бэ?” гэж хулгайч гайхширчээ. Тэгээд:
   
- Орж болох уу, эрхэм ээ? Танаас асуух юм байна гэхэд Нагаржуна:
  
- Аан, би чамайг удаан хүлээлгээд яах вэ гэж бодсон юм. Чи надтай уулзах гэж биш, аяганы төлөө л ирсэн биш үү? Гэхдээ ормоор байвал ор гэжээ.
  
Хулгай орж ирээд:
   
- Ийм үнэтэй эдийг та юунд хөсөр хаяна вэ? Та үнэхээр гэгээн хүн бололтой. Таны өмнө худал хэлж зүрхлэхгүй нь. Би бол хулгайч гэхэд,
   
- Санаа зоволтгүй. Бүгд л хулгайч шүү дээ. Дэмий юм ярьж цаг үрээд яах вэ. Үргэлжлүүл гэж Нагаржуна хэлэв.
   
- Хааяа тан шиг хүмүүсийг харахаар ийм болох сон гэх хүсэл надад төрдөг. Даанч би хулгайч. Миний хувьд биелшгүй мөрөөдөл биз ээ. Гэсэн ч би нэгэн өдөр ийм үнэт эдлэлийг ч тоож үзэхгүй чулуудах болтугай гэж залбирнам. Надад та сургаал зөвлөмж соёрхооч. Би олон гэгээнтэн дээр очиж байсан. Зартай хулгайч болохоор намайг хүн бүхэн таньдаг. “Эхлээд наад үйлээ орхи, тэгсэн хойноо л бясалгалд орох боломжтой” гэж тэд хэлдэг. Даанч би энэ ажлаа орхиж чадахгүй. Бясалгалын зам миний хувьд хаалттай бололтой гэж хулгайч хэлжээ.    
  
- Эхлээд хулгайгаа орхи, дараа нь бясалгалд ор гэж хэлж байгаа бол тэр хүн бясалгалыг огт мэддэггүй хүн байна. Хулгай, бясалгал хоёр ямар ч хамаагүй. Хийдэг юмаа хийгээд л яв. Би чамд нэг арга зааж өгье гэхэд хулгайч:
   
- Ажлаа үргэлжлүүлж болох юм уу? Ай даа, бид үнэхээр ерөөл барилдлагатай хүмүүс бололтой. Ямар арга увдис вэ? Та надад бушуухан зааж өгөөч гэв.
   
- Чи зүгээр л ухамсар сэхээгээ хадгал. Хулгай хийх үедээ, айлын байшинд нэвтрэх үедээ, сан хөмрөг нээх үедээ, эд эрдэнэ өвөрлөх үедээ үргэлж ухамсартай, сэрүүн тунгалаг бай. Юу ч хийж байсан “минийх” гэх зүйл огт байхгүйг санаж сэрж бай. Тэгээд л гүйцээ. Арван таван өдөр үүнийг хэрэгжүүлээрэй. Тэгээд уулзъя. Хэрэв энэ захиасыг хэрэгжүүлээгүй бол наашаа бүү зүглэ гэж Нагаржуна хэлжээ.
   
Гуравдахь өдрөө хулгайч эргэн ирээд:
  
- Арван таван өдөр арай л удаан юмаа. Та их зальтай хүн юмсанж. Таны заасан аргыг мөрдөхөөр би хулгай хийж чадахгүй байна. Сүүлийн гурван шөнө дараалан би ордонд нэвтэрсэн. Эрдэнэсийн санд хүрч, нээхэд минь түмэн зүйлийн эрдэнэс миний өмнө гялалзаж байлаа. Даанч тэр үед би ухамсраа сэргээхээр Буддагийн баримал шиг хөшчих юм. Өмнөөс гялалзах эрдэнэс ямар ч утгагүй санагдаад, гар хуруу хөдлөхөө больчихдог. Тэгээд л ирсэн замаараа гар хоосон хэдэнтээ буцав. Ажил үйлээ орхих шаардлагагүй гэж та хэлсэн. Гэвч таны арга намайг ацан шалаанд оруулчихлаа гэхэд Нагаржуна:
   
- Одоо чи өөрөө сонго. Хулгайгаа үргэлжлүүлмээр байвал бясалгалыг март. Бясалгалаа үргэлжлүүлмээр байвал хулгайг март гэжээ.
   
- Энэ гурван хоногт би амьд гэдгээ мэдэрсэн. Ордноос юу ч авалгүй буцахдаа өөрийгөө анх удаа хулгайч биш, бүрэн эрхт бодгаль гэж мэдэрсэн. Энэ гурван өдөр миний хувьд ер бусын гэгээн өдрүүд байлаа. Тийм учраас би бясалгалаа орхиж чадахгүй. Та намайг хэдийн урхиджээ. Одоо намайг шавиа болгож, авшиг хүртээнэ үү гэж хулгайч өвдөг сөгджээ.

-    Ошо “Үхэлгүйн үүд”
“Агнистын гэгээ” цуврал



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив