Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Хортой хоолыг цээрлэ
2017 оны 6 сарын 9 [Уншсан тоо: 19831]


Дорно дахины мистик уламжлалаар өөрийгөө гэж боддог бүхэн чинь хоол юм. Бие чинь хоол, сэтгэл чинь хоол, сүнс чинь хоол. Гагцхүү сүнснээс чанагуух анатта буюу би-үгүй чанар л хоол биш. Будда үүнийг “шунъяа” гэж нэрийдсэн. Өөрөөсөө өөр юуг ч эс агуулах цэвэр ухамсар. Өөр нэг юм агуулах аваас тэр нь хоол гэсэн үг. Бие махбод тэр чигтээ хоолны цуглабар. Түүнчлэн сэтгэл санаа дурсамж, мөрөөдөл, дурлал, хорслын үй түмэн сүлжээсийг өөртөө агуулдаг. Энэ бүхэн хоол. Ахуйн хүнстэй харьцуулахад илүү нарийн төвшний хоол...

Идэж ууж байгаа зүйлс чинь зөвхөн биед биш, сэтгэлд уусан шингэдэг. Янз бүрийн хүсэл тачаал, сэтгэл хөдлөл хоол ундаар өдөөгддөг. Тийм учир сэтгэлийг аль болох догшруулахгүй, амар амгалан, бясалгалыг тэтгэх хоол ундыг иогчид олон үеийн турш эрэн судалж иржээ. Хүн бүр ондоо учраас өөртөө тааруулж, асуудлаа шийдэх учиртай...

Сэтгэл санаа руу чинь юу цутган орж байгааг ажигла. Хүмүүс энэ тал дээр хэтэрхий хайхрамжгүй ханддаг. Өдөржин шөнөжин зурагт үзэж, радио сонсож, сонин уншицгаана. Тэндээс ямар их хог саг өөр рүүгээ юүлж суугаагаа анзаардаггүй. Хэчнээн л бол хэчнээн цагаар чалчицгаана. Бие биенийхээ тархи толгой руу ялгадсаа цацаж сууна. Ийм балай орчноос аль болох хол яв. Чи ямар хог новшоор дутсан биш дээ. Алт эрдэнэ цуглуулж байгаа аятай явсан газар, суусан орон бүхнээсээ хог хурааж ирсэн. Одоо жаахан сэхээлэг байж үз. Уршиг яршиг болсон юм ярьж, сонсож суудгаа боль. Тэгвэл чи аажмаар цэвэршиж байгаагаа мэдэрнэ. Усанд орж байгаа шиг дотоод бие чинь бохир буртгаасаа салж эхэлнэ. Бясалгал цэцэглэх хөрс нь энэ билээ. Сэтгэл санаагаа хэдэн хором ч атугай сэлүүхэн байлгаж үз. Ийм сэлүүн хоромд л бясалгалын гялбаа цахилж, амар амгалан, хоосон чанарын анхилга сэнхийнэ...

Сэтгэцийн хор материаллаг хороос илүү ярвигтай. Хэрэв чи өөрийгөө хиндү, лал, христиан, жайн гэхчлэн бодож байвал хордсон байна. Өөрийгөө энэтхэг, герман, хятад гэхчлэн бодох нь хүн төрөлхтний эсрэг хандлага. Хэдий чинээ ялгаж зааглана, төдий чинээ оршихуйд дайсагнадаг. Өөрийгөө зөвхөн хүн гэдгээр нь бод. Жаахан оюунлаг болбол чи зүгээр хүн гэдгээ мэдэрнэ. Илүү оюунлаг болбол хүн нь гээгдэж, гагцхүү байгаль үлдэнэ. Байгальд уул, ус, амьтан жигүүртэн, өвс мод цөм багтдаг. Өөрийгөө улам бүр тэлж, уужим орон зайг эзэгнэ. Өчүүхэн харанхуй нүхэнд шургахын учир юун? Их лут үзэл суртлын харшид амьдарч байна гэж бодоо юу? Наана чинь ямар ч аугаа, лут юм алга. Оршихуйг бүхэлд нь багтаах үзэл суртал нэгээхэн ч үгүй. Бүх үзэл суртал өрөөл хагас, эрэмдэг зэрэмдэг...

Одоо цагаа ухамсарлах чадвар хэдий чинээ дорой байна, өнгөрсөн цагийн хог новштой төдий чинээ зууралддаг. Амьдрал хэзээ ч өөрийгөө давтдаггүй үргэлж шинэлэг, урсмал чанартай. Чиний хуучин хариулт шинэ орчинд яаж тохирох юм бэ? Харин ч шинэ орчныг сэрж мэдрэхэд чинь хаалт хашилт болно. Тиймдээ л чи нүдэн балай, чихэн дүлий тэнэг юм шиг амьдардаг.

Тэнэгээрээ явах амархан. Оюунлаг болох л хэцүү. Оюунлаг болно гэдэг чинь ургаж цэцэглэхийн нэр. Ургаж буй бүхэн эмзэг зовиурлаг байдаг. Чи урьдынх шигээ дуг нойрондоо дугжирч чадахаа болино. Хорвоо ертөнцийг цоо шинээр, жинхэнэ дүрээр нь олж харна. Гэтэл эргэн тойронд чинь мунхгийн сүрэг багширч байна. Энэ бол илүү эгзэгтэй байдал. Сохор хүмүүсийн дунд хараатай амьдрах үнэхээр хэцүү. Тэд чиний харж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, гэмтэн, гаж амьтан гэж хорсон занах болно...

Оюунлаг чадвар нь хомстохын хэрээр эрх мэдэл нь зузаардаг гаж үзэгдэл дэлхий даяар хавтгайрчээ. Оюунлаг биш хүмүүс хүч нөлөөтэй болох нь үнэхээр аюул. Энэ аюул улам бүр өссөөр байна. Хэдий чинээ мэдрэл муутай болно, төдий чинээ эрх мэдэлтэй болж байгаа нь түгшүүрийн харанга дэлднэм. Маш нарийн логик уялдаа энд бий. Үнэн хэрэгтээ хүмүүс өөрчлөгдөх дургүй байна. Зуршмал хандлага, ягшмал байдлаасаа сална гэдэг туйлын бэрх юмсанж.

Хэрэв чи хортой хоолноосоо зүрхлэн салах юм бол дахин төрөх шиг болно. Цоо шинэ билиг оюун чиний дотор гийнэ. Нүдний хаалт, чихний бөглөө чинь мулт үсэрч, ертөнцийг эрүүл саруулаар сэрж мэдэрнэ. Өнгөрсөн цагийн бүх хог новш, дөнгө тушаа чинь алдуурна. Утга учиргүй хүсэл тачаал, уур бухимдал, атаа жөтөө, гомдол гонсойлт гээд л сэтгэл санааны бүх шарх чинь аяндаа илааршина...

Хортой хоолны гуравдахь төрөл нь сүнсний хор. Энэ бол “би” гэгч өөрөө. Би –д үргэлж бусдын анхаарал хэрэгтэй байдаг. Бусдын анхаарлаар хооллодог гэсэн үг. Гагцхүү улс төрчид, кино одод биш, та нарын хамба лам, гэгээнтэн гэж нэрлэдэг хүмүүс чинь ийм донгоор өвчилсөн байдаг. Тэдний өвчинд ялгаа байхгүй. Үндсэн хэрэгцээ нь ив ижил. Илүү олон хүн намайг хараасай, шүтэн бишрээсэй гэж өдрийн бодол, шөнийн зүүд болдог. Энэ бол хортой хоолны хамгийн нарийн хэлбэр.

Адиша энэ судартаа бие махбод, сэтгэл санаа, сүнсний гурван хорыг багтаан хэлжээ. Биеэ элдэв хороор бөмбөгдөхөө боль. Сэтгэлээ хог ялгадсаар дүүргэхээ боль. Сүнсээ би-гийн үзлээр гутаахаа боль. Сүнсний цэвэршил бол үнэмлэхүй цэвэршил. Тэр цагт би-үгүй буюу анатта гэгдэх чанадын огторгуй нээгдэнэ. Үүнийг л эрх чөлөө, нирваан, бодь хутаг гэнэ. Энэ бол чиний жинхэнэ оршихуй.

- Ошо “Билгүүн ухааны шастир” (Агнистын гэгээ цуврал)

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив