Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Бурхан багшийн сургаал
2013 оны 5 сарын 24 [Уншсан тоо: 212114]
(Дармапада судраас)

Дармапада бол Бурхан багшийн айлдсан сургаал үгсийн цоморлиг. Дарма нь ном сургаалаас гадна үнэмлэхүй үнэн, зүй тогтол гэсэн утга илэрхийлдэг. Пада нь зам мөр, бадаг шүлэг гэсэн утгатай. Монгол хэлний “бадаг”, англи хэлний “path” зэрэг үг энэ үгээс гаралтай. Тэгэхлээр Дармапада нь энгийн утгаараа “Номын бадаг”, гүн утгаараа “Гэгээрлийн зам” юм.

Бүх зүйл сэтгэлээс үүддэг. Сэтгэл нь үйл бүхний залуур. Бохир сэтгэлээр үг хэлэх буюу үйл үйлдэх аваас тэргэнд хөллүүлсэн шар шиг тээр зовлонд хүлэгдэнэ. Ариун сэтгэлээр үг хэлэх буюу үйл үйлдэх аваас аз жаргал чамайг сүүдэр мэт дагана.

Өшөө хорслыг өшөө хорслоор арилгахгүй. Гагцхүү хүлцэл өршөөлөөр амарлиулдаг. Энэ бол өнө мөнхийн хууль.

Хэзээ нэг өдөр үхнэ гэдгээ олонх хүн мартдаг. Хэзээ ч нөгчиж мэдэхээ ухаарсан хүн хэрүүл тэмцэлгүй тайван амьдардаг.

Сэхээ сэрэмжгүй зугаа цэнгэл хөөцөлдөж, хэмжээ цаггүй идэш уушинд хомхойрч, дэмий алгасарлаар цагийг нөгчөөдөг хүн шулмын хорлолд автах нь өмхөрсөн мод салхинд унах шиг хялбар.

Үзэгдлийн хуурмаг чанарыг ойлгож, сэргэг ухамсраар мэдрэхүйгээ хянаж, идэш уушаа тааруулж чаддаг, чин сүсэгт хичээнгүй хүн шулмын хорлолд автахгүй нь байц хад салхинд үл ганхах мэт.

Шалдар булдар үйлийг их хэрэгт тооцож, утга төгөлдөр үйлийг утгагүй хэмээн басамжилдаг мөчид ухаантан зүрхэн шимийг хүртэж чадахгүй.

Утга учиртай зүйлсийг утга учиртай хэмээн, утгагүй юмсыг утгагүй хэмээн тунгааж чаддаг сэхээтэн зүрхэн шимийг хүртэнэ.

Сэхээлэг байх нь үхэлгүй мөнхийн зам. Сэхээгүй байх нь үхэл мөхлийн зам. Сэхээлэг байхад үхэл хаанаас байх вэ. Сэхээгүй бол хэдийнэ үхсэнтэй адил.

Хүслийн эрхэнд үл мунхрах, хорслын эрхэнд үл хямрах, зөв буруу (буян, нүгэл) хоёроос хэтийдсэн, зүүд нойрноос сэрсэн хүнд айдас түгшүүр үгүй.

Хорон муу сэтгэл өөрөө өөрийгөө хорлодог. Ямар ч өштөн дайсан түүн шиг хорлож чадахгүй. Чин ариун сэтгэл өөртөө ивээл болдог. Аав, ээж, амраг садан ч түүн шиг тусалж чадахгүй.

Агар зандан, арц хүжсийн үнэр ариун буяны анхилгыг үл гүйцнэ. Тэнгэр бурхадын оронд ч тэр анхилга түгэх бөлгөө.

Замын дэргэдэх хог сагийн дундаас анхилам цэцэг мишээх мэт мөнх бусын түйтгэрт энэ ертөнцөд Төгс гэгээрсэн багшийн шавь билиг ухаанаар гэрэлтдэг.

Нойргүйдсэн хүнд шөнө урт. Алжаасан хүнд газар хол. Хутагтын үнэнийг таниагүй хүнд орчлон урт.

Үнэний эрэлчин чамд өөрөөс чинь илүү буюу тэнцэх хань олдохгүй бол ганцаар явсан нь дээр. Тэнэг мунхаг хүмүүстэй нөхцөх хэрэггүй.

Мунхаг хүмүүс “Миний үр сад”, “Миний эд хөрөнгө” гэхчлэн санааширдаг. Өөрөө өөрийнхөө ч эзэн биш байж өрөөл бусдыг яахин эзэгнэх?

Тэнэгээ мэддэг хүнийг тэнэг биш, ухаантан гэлтэй. Тэнэг мөртлөө өөрийгөө ухаантан гэж боддог хүнийг л жинхэнэ тэнэг гэнэ.

Тэрээр насан турш мэргэдийн дэргэд байвч үнэнийг үл мэднэ. Шөлний амтыг халбага мэдэхгүйтэй адил. Гэгээн мэргэдтэй учирсан сэхээлэг хүн тэр даруйд үнэнийг ухаарна. Шөлний амтыг хэлээр хүртэх шиг.

Харамсал дагуулах үйлийн үр гашуун нулимс болж боловсорно. Харамсал үл дагуулах буяны үр баяр жаргал болж дэлгэрнэ.

Уул хад салхинд үл гулзайх мэт ухаант хүн сайшаал, муушаал хоёрт савлах учиргүй.

Мухар сүжиг, сохор таамагт авталгүйгээр урлаж үл бүтээх (угаас заяамал) мөн чанараа таниж, үйлийн хэлхээс, хүслийн хөврөлөөс гэтэлсэн нэгнийг гэгээн хутагт хэмээюү.

Утгагүй мянган үгийг давтсанаас утга төгөлдөр бөгөөд сэтгэл амарлиулах ном (дарма)-ын ганц үг тогтоосон нь дээр.

Өрөөл бусдыг ялахаас өөрийгөө ялах нь эрхэм. Өөрөө өөртөө эзэн болсон хүнийг асур тэнгэр, ад чөтгөрийн хэн нь ч дийлэхгүй.

Самуун задгай зуун жилийн амьдралаас бясалгалд оршиж, буян үйлдсэн нэг өдрийн амьдал үнэтэй. Мунхаг харанхуй зуун жилийг элээснээс үнэнийг сэхээрч нэг өдөр амьдарсан нь дээр.

Эзэн хааны гоёмсог сүйх ч хуучрах мэт энэ бие элэгдэж мууддаг. Гэвч дээдийн ном (гэгээрэл) хэзээ ч хуучрахгүй. Тийм учраас түүнийг эрхэм дээд хэмээдэг.

Өчүүхэн боловсролт хүн үхэр мэт өтөльюү. Бие нь бүдүүрэхээс биш, билиг нь тэлэхгүй.

Муу үйлээр хүн өөрийгөө гутаадаг. Мууг тэвчсэнээр хүн өөрийгөө цэвэрлэдэг. Цэвэр, бохир явах нь өөрөөс хамаарна. Өрөөлийн үйлийг өөр хэн ч цэвэрлэж чадахгүй.

Үнэнийг шүтэж амьдар! Хуурмаг явдлаар насыг бүү элээ! Үнэн ёсны дагуу амьдарсан хүн энэ болоод хойт төрлийн алинд ч амар амгаланг эдэлнэ.

Энэ хорвоог зүүд зэрэглээ, хөөс мэтээр үзэгч хүн Эрлэг номун хааны хараанаас ч мултрах болно.

Урьд нь алдаж эндэж явсан ч хожимнэгэнт сэхээрсэн хүн үүлнээс сугарсан саран мэт ертөнцийг гийгүүлж чадна.

Эрдэнэт хүний төрлийг олох нь бэрх. Мөнх бусын хорвоод амьдрах нь бэрх. Дээдийн номыг хүртэх нь бэрх. Гэгээрсэн багштай учрах нь бэрх.

Хилэнцэт үйлээс ангижирч, эрхэм чанарыг төгөлдөржүүлж, оюун санаагаа ариусгах нь Бурханы ном юм.

Бид (номын мөрөөр замнагч нар) өмчийн хүлээснээс салсан учраас амар тайван амьдардаг. Аливаад уягдахгүй амьдрал маань гэгээн гэрэлт диваажин шиг.

Дийлсэн хүн өш хонзонгийн үрийг тарьж, дийлдсэн нь харамсал гашуудалд унадаг. Дийлэх, дийлдэхээс ангижирсан хүн л амар амгаланг эдэлнэ.

Хүсэл шуналаас илүү түймэр үгүй. Хорсол заналаас илүү түйтгэр үгүй. Хүлээст цогцсоос илүү өвчин үгүй. Хүлээсийг тайлсан (Нирваан) -аас илүү амгалан үгүй.

Эрүүл мэнд - хамгийн үнэт эрдэнэ. Сэтгэл ханамж – хамгийн эрхэм баялаг. Итгэлт анд – хамгийн дотно садан. Гэгээрэл – хамгийн дээд жаргал.

Уягдахаас зовлон үүсдэг. Уягдахаас айдас төрдөг. Уягдах сэтгэлээс ангижирсан хүнд зовлон байхгүй атал айдас ч хаанаас байх.

Үргэлж гүтгэлэг доромжлол амссан, эс бөгөөс үргэлж магтаал сайшаал хүлээсэн хүн энэ дэлхийд урьд ч байгаагүй, хожим ч гарахгүй, одоо ч байхгүй.

Бусдын алдаа дутагдлыг харах амархан. Өөрийн алдаа дутагдлыг л харах хэцүү. Бусдын алдааг илрүүлэхдээ хальс хивэг хийсгэх салхи мэт атлаа өөрийн алдааг хашир ангууч биеэ далдлах шиг нуудаг.

Өөнтөгч болох тусам хүний сэтгэлийн өвчин ужиграх болно.

Үлэмж тодорхой ажиглан бясалгахаас өөр зам мөр үгүй.

Гэгээрсэн багш зам мөрийг л заадаг. Түүгээр чи өөрөө замнах ёстой. Үнэний замаар явж, бясалгах аваас шулмын хүлээснээс гэтлэх болно.

Зэрлэг өвс тариаланд арандаг болдог шиг хүсэл шунал хүн төрөлхтөнд тээг болдог. Хүсэл шуналаас ангижирсан цагт баялаг ургац хураана.

Бясалгал үгүй бол билгийн хараа (үлэмж үзэхүй) ч үгүй. Билгийн хараа үгүй бол бясалгал ч үгүй.

Өөрөө өөрийгөө гэрчилж, өөрөө өөрийгөө цэгнэж яв! Өөрийгөө шинжих ухамсартай хүн үргэлж гэгээн сайхныг хүртьюү.



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив