Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Ум-ын эгшиглэн
2013 оны 1 сарын 7 [Уншсан тоо: 109788]
Ум мани бадмэ хум бол үнэмлэхүй туршлагын эрхэм дээд илэрхийлэл юм. Утга нь: Аниргүйн чимээ буюу бадам лянхуа доторх очир эрдэнэ. Аниргүйд өөрийн анир, өөрийн аялгуу бий. Түүнийг гадна талын чихээр сонсохгүй. Бид зургаан гадаад мэдрэхүйтэй. Таван мэдрэхүйгээ хүмүүс угаасаа мэддэг. Харин зургаа дахийг шинээр нээсэн юм. Энэ бол тэнцвэрийн эрхтэн. Чихний дотор талд байрладаг болохоор нь хүмүүс анзаардаггүй байж. Мансуурсан юмуу, толгой эргэсэн үедээ хүн гуйвж дайваад байдаг шүү дээ. Тэнцвэрийн эрхтэнд нөлөөлсөн учраас тэр. Гадаад ертөнцийг хүртэж мэдэх зургаан мэдрэхүй байдагтай яг адил дотоод ахуйн хувьд зургаан мэдрэхүй бий. Гадна талд гараар барьж, нүдээр үзэж болохгүй юмсыг чи дотоод мэдрэхүйгээрээ сэрж мэдэх боломжтой.

Ум бол бүх бодол, төсөөлөл арилсан үед оршихуйн гүнээс тодордог анир юм. Толь мэт тунгалаг, ямар ч долгион шуугиангүй нам гүм ухамсрын мандал болсон хором чөлөөнд л чи аниргүйн анирыг сонсох болно. Зүгээр нэг аниргүй биш, дотоод ахуйн төгс найрал, амгалан жаргаланг илтгэж байгаа болохоор энэ туршлага зүйрлэшгүй үнэ цэнэтэй. Ум-ыг унших биш, сонсох ёстой. Чи өөрөө туйлын чимээгүй болох аваас маш нарийн айзам хэмнэл эргэн тойрон чинь бүжиж эхэлнэ. Түүнийг мэдрэх нь оршихуйн амин нууцад нэвтэрч буй хэрэг. Үнэхээр намуухан, даруухан, сэхээлэг байсныхаа шанд үгээр хэлшгүй гайхамшгийг хүртэх эрхтэй. Оршихуй чамайг бэлэн болохыг л хүлээнэм.

Дорнын бүх шашин аниргүйн оргилд хүрэх үед Ум-ын аялгуу сонсогддогийг хүлээн зөвшөөрдөг. Дорнын ямар ч хэлэнд Ум-ыг жирийн цагаан толгойн үсгээр тэмдэглэдэггүй. Учир нь энэ бол хэл яриагаар илэрхийлдэг эгэл ертөнцийн тусагдахуун биш. Санскрит, Пали, Пракрит, Төвд хэлэнд Ум-ыг ижил дохио тэмдгээр бичдэг. Үеийн үед арш нар (мистикүүд) адил туршлага амсч байсан болохоор тэр. Үлгэр домог шиг сонсогдовч үнэн бодит түүх олон бий.

Төвдийн егүзэр Марвыг нөгчих үед дотны шавь нар нь хүрээлэн сууж байв... Учир нь егүзэрийн үхэл үлэмжийн үнэ цэнэтэй, магадгүй түүний амьдралаас ч илүү байх. Энэ бол биеэсээ бүрмөсөн халих мөч. Сонор сэргэг байж чадах юм бол тэндээс чи шинэ анхилга, гэрэл, аялгууг мэдрэх болно. Марва амьдарч байсан хийддээ амьсгал хураажээ. Шавь нар нь гэнэт гайхширч, эргэн тойрноо харцгаав. “Ум хаанаас дуурьсана вэ?” гэж. Эцэст нь тэд Марва ламын биеэс гарч буйг ойлголоо. Хөл, гарт нь чихээ тавин сонсоод итгэж ядав. Түүний бүх бие Ум-ын эгшиглэнт долгионоор бялхаж байв. Гэгээрсэн цагаасаа тэр насан турш чанадын дууг анирлаж байжээ. Дотоод туршлага бие махбодынх нь эд эсэнд хүртэл нэвчсэн хэрэг...

Орчин үеийн эрдэмтэд ертөнцийн бүх юмсыг цахилгаан эрчмээс үүдсэн гэж үзэх болжээ. Дуу чимээ хүртэл цахилгаан долгион гэж тэд хэлдэг. Арш нар эсрэгээр, бүх оршихуйг Ум хэмээх аниргүйн анираас үүдсэн гэж хэлдэг. Гал буюу цахилгаан ч гэсэн тэрхүү анир чимээний хувирал ажээ. Дорно дахинд хөгжимчид аялгуун хүчээр лаа асаах туршилт хийдэг байсан. Эрт цагт хөгжмийн аялгуу нь лаа асааж чадахгүй бол түүнийг жинхэнэ мастер гэж хүлээн зөвшөөрдөггүй байв.
Физикч, арш нарын тайлбар ондоо харагдавч агуулгын хувьд харшлахгүй. Арш нар дотоод талаас нь, физикч нар гадна талаас нь харж тайлбарлаж буй. Физикчийн цахилгаан эрчим гэж мэдэрч буй зүйл нь аршийн хувьд оршихуйн хөгжим юмсанж. Нэг зүйлийг тэд өөр өөр хэлээр өгүүлж буй хэрэг. Аль нэгийг нь сонгох дээрээ тулбал би аршийн тайллыг сонгоно. Учир нь, түүний туршлага обьектийг биш, өөрийн ухамсрыг нээсэн танин мэдэхүй юм. Ухамсар бол оршихуйн охь шим.

Энэхүү тарнид олон нууц бий. Үггүй үг Ум-аар эхэлж, Хум-аар төгсчээ. Эхнийх нь  цэцэглэл аваас эцсийнх нь үр үндэс юм.  Сүфичүүд Лал шашинтны хэрэглэдэг Бурханы нэр Аллахыг хэрэглэдэггүй. Тэд Алла-хуу гэж байгаад, аажмаар Хуу, хуу болгон хувиргажээ. Хуу хэмээх авиа хүйсний доорх амьдралын эх булгийг сэрээдгийг тэд нээсэн юм. Туршаад үз: “Хуу” гэж хэлэхэд хүйсний доод төвд хүрэх болно. Тийм учир бид Динамик бясалгалд энэ авиаг хэрэглэдэг. Энэ бол Сүфийн нээлт боловч Төвдөд ч үүнийг нээсэн аж. Гэхдээ Хум бол Хуу-гаас арай зөөлөн авиа. Зөөлөн авиагаар энергиэ сэрээхэд илүү хугацаа шаардагдана. Амьдралын эх булагт хүрэхийн тулд хүчтэй авиа Цастын орны хүмүүст шаардлагагүй байсан болов уу. Харин Арабын хахир ширүүн элсэн цөлд Сүфичүүд “Хуу” хэмээх хүчтэй авиаг хэрэглэж эхэлжээ. Би энд Хуу, Хум хоёуланг нь туршсан. Энэтхэгийн хувьд Төвдийн сэрүүн амьсгалт өндөрлөгийн авианаас Хуу нь илүү нийцтэй байсан. Хум Цастын орны хувьд төгс зохицолт авиа буйза.

Хум бол чиний дотор Ум-ыг бүтээх түрлэг юм. Амьдралын эх сурвалжид хүрч чадвал, далд чанадын хөрсөн дэх үр задарч, навч нахиа ургаж эхэлнэ. Ум, Хум хоёрын дунд мани бадмэ бий. Үнэмлэхүй туршлагыг мани бадмэ-гээс илүү уран гоёор илэрхийлж чадахгүй л байх. Бадамлянхуа бол дорно дахинд хамгийн гуа сайхан цэцэг. Очир алмааз бол хамгийн тансаг эрдэнэ. Өглөөний наранд лянхуа цэцгийн хүйсэнд очир алмааз тавиад хэрхэн гэрэлтэхийг төсөөлөөд үз. Үнэмлэхүй туршлагыг үгээр хэлэхийн аргагүй ч Төвдийн арш нар хамгийн сайхнаар илэрхийлэх гэж хичээжээ.

Будда бадамлянхуа суудал дээр залардгийг харсан байх. Тэр бол үнэмлэхүйд хүрч, дотоод лянхуа нь дэлгэрсний тэмдэг. Лянхуа цоморлигоо нээхийн сацуу түүн дотор байсан нуугдмал эрдэнэ ч ил гардаг. Очир эрдэнэд эвдэршгүй хас чанар бий. Тэр бол үхэшгүй мөнхийн бэлгэ тэмдэг. Гоо сайхан агаад өнө мөнхийн сэрэхүйг шүтэн барилдуулж дүрсэлсэн байна.

Харамсалтай нь, Төвд орныг эдүгээ түнэр харанхуй нөмөрчээ. Дотоод эрдэнийн сангаа нээх ганц л зорилгод төвлөрсөн дэлхий дээрх цорын ганц орон коммунист түрэмгийллийн хөлд талхиулж байна. Тэд мөргөхөөс биш дайтаж чадахгүй, бясалгахаас биш хүчирхийлж мэдэхгүй улс... Дэлхийн дээвэр болсон газар зуу зуун сүм хийд бий. Тэдгээр хийдүүдийг Католик зэргийн өөр сүм хийдүүдтэй харьцуулшгүй. Тэнд лянхуа доторх эрдэнийг нээх үй түмэн аргыг үеэс үед бүтээж ирсэн юм...

Төвд орон материалистуудын гарт орсон нь хорьдугаар зууны хамгийн том гамшиг. Тэд хүнийг зүгээр л эд юм гэж ойлгодог, ухамсрыг эд юмсын бүтээл гэж боддог. Энэ дэлхийд нэг ч коммунист бясалгал хийж үзээгүй мөртлөө дотоод оршихуйг үгүйсгэдэг нь хачирхалтай. Бясалгал бол өөрийн төдийгүй бусдын үхэлгүй мөнхийг сэхээрэх зам. Үхэл бол хуурмаг үзэгдэл. Хэн ч хэнийг ч хөнөөж чадахгүйг мэдсэн хүнд дайн дажин утгагүй болно. Цөмийн зэвсэг байлаа ч та нар бусдыг алж чадахгүй. Гита-д Кришнагийн гайхамшигт тунхаг бий: Найнам чхиндати шастрани, Нахам дахати павакахр. “Ямар ч зэвсгээр намайг хөнөөж чадахгүй. Ямар ч галаар намайг шатааж дийлэхгүй.” Бие махбод шатаж болох юм, би өөрөө шатахгүй. Би бол бие махбод биш... Бясалгалаар чи өөрийнхөө хэн болохыг анх удаа мэддэг.

Хүн төрөлхтөн жаахан сэхээлэг байсан бол Төвдийг чөлөөлөх байсан. Бараг хоёр мянган жил өөр зүйлд биш, гагцхүү бясалгалд зорьсон цорын ганц орон шүү дээ. Дэлхий дахинд тэдний туршлага ивээл болно. Дэлхий ертөнц өнгө мөнгөнөөс уйдаж байна. Шинжлэх ухаан технологи хөгжих тусам хүний цангаа нэмэгдэж байна. Хөгжингүй орнуудыг хачин жигтэй уйтгар цөхрөл, утга учиргүй хоосрол хар үүл шиг нөмөрч буй. Тэдэнд үүлсийг ярсан бясалгалын цэнгэг салхи, жинхэнэ мөн чанараа нээсэн шинэ амьдрал хэрэгтэй. Төвд хүн төрөлхтөний дотоод эрэл хайгуулын лаборатори болж үлдэх учиртай юм. Хэнд ч хал балгүй мөрөөрөө явсан цайлган улсыг хөнөөн сүйтгэж байхад яаж бид соёлт ертөнцөд амьдарч байна гэж хэлэх вэ? Тэдэнтэй хамт хүн төрөлхтөнд амин шим болох үнэт зүйлс устаж байна. Жаахан ч гэсэн соёлт улс үндэстэн энэ дэлхийд байгаа бол түрэмгийлэлд өртсөн Төвдийг өмөөрөх ёстой. Эл түрэмгийлэл бол ухамсрын нандин ертөнц рүү халдсан зэрлэг материализмын түрэмгийлэл юм.

Мантра (тарни) гэдэг үгийг өрнийн ямар ч хэлээр орчуулах боломжгүй. Гэхдээ түүний утга учрыг тайлбарлаж болно. Мантра бол уншлага биш. Энэ бол өөрийн дотоод гүн рүү нэвтрэх арга увдис юм. Модны үндэс эх дэлхийн гүн рүү тэмүүлэх шиг. Хэдий чинээ гүнд үндэслэнэ, төдий чинээ өндөрт цэцэглэдэг. Амьдралын эх сурвалждаа хүрч, үндэслэсэн цагт зохист мөч, хавар ирэхийн цагт аяндаа мянга нэгэн цэцгээ дэлгэнэ. Цэцэглэхгүй л бол чи амар жаргалан гэж юу болохыг мэдэхгүй. Хорвоогийн зугаа цэнгэл, ая тавыг гүйцээвч үргэлж дутуу гуцууг мэдрэх болно. Өөрийнхөө дутуу яваа бурууг өрөөл бусдаас эрж, үглэн дуу тавьсан амьдрал үргэлжилнэ.

Яспэрс, Киеркэгорд, Хайдэггэр, Марсэл, Жан-Паул Сартр гээд л өрнийн агуу их сэтгэгчид нэг л юман дээр санал нэгддэг: Амьдралд утга учир байхгүй. Амьдрал бол уйтгар цөхрөлөөс өөр юу ч биш... Амар жаргаланг эрсэн эрэл бүхэн бүтэлгүйтсэн болохоор тэр. Их сэтгэгчид нь ийм байхад энгийн олонх тэднийгээ дагаж таараа.

Тэд дэндүү ташаарчээ. Тэдний хэн нь ч бясалгал хийж, мөн чанартаа нэвтрээгүй. Толгой дотроо л амьдарч явснаас биш зүрх рүүгээ орж үзээгүй хүмүүс оршихуйн тухай юу ярих вэ? Оршихуйн далайд уусаагүй өчүүхэн дусал өөрийн утга учир, үнэ цэнийг мэдэрч чадахгүй. Өөртөө агуулж дийлэхгүй баяр жаргалыг хурын үүл мэт асгартал буулгах амьдралыг тэд ойлгохгүй. Мөн чанараа таньсан хүн хурын үүл болж хувирдаг. Гагц өөрөө жаргах бус, бүх ертөнцтэй зол жаргалаа хуваалцдаг.

Энэ бол Ум мани бадмэ хум тарнийн утга. Үнэний эрэл хэрхэн эхэлж, дотоод лянхуа хэрхэн цэцэглэж, эрдэнэсийн сан хэрхэн нээгдэх тухай өгүүлсэн товчоон. Зузаан боть номын агуулгыг товч хураангуй эш болгох нь дорнын хэлний уран чадвар юм. Захиа нуршуу тусмаа утга учир нь алдагддаг бол цахилгаан зурвас шиг хэдхэн үг асар их эрчим агуулдаг. Тарни бол цахилгаан зурвас юм. Ой тойнд тогтох нь хялбар, үеэс үед үрэгдэлгүй дамжих боломжтой. Тарнийг зүгээр л давтах биш, утга учрыг нь ухаарах хэрэгтэй. Энэ ухаарал дотоод гүн рүүгээ ороход чинь хөтөч болно. Нам гүм сууж, сэтгэлээ ажигла. Дуугай болох тусам чинь бодлын хөл татарч, улам бүр цэлмэхүй гэв гэнэт эргэн тойрон аялгуу дуурьсахыг сонсоно. Тэр бол чиний бүтээл биш, оршихуйн төв- огторгуйн чимээ. Амин сүнсний айзам, бүжиг цэнгэлийн дохио. Ум бол бүх ертөнцийн агуу их бэлгэ тэмдэг.

Эх сурвалж: “Om Mani Padme Hum” by Osho.



    

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив